Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал медианы хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сэтгэлзүйн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө ноцтой түвшинд хүрч байгааг олон улсын судалгаанууд анхааруулж байна. Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар байр сууриа илэрхийлж, дижитал шилжилтийг зөвхөн технологийн хөгжил гэж үзэхээс илүү хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйтэй уялдуулан авч үзэх шаардлагатайг онцоллоо.
Түүний хэлснээр сошиал медиаг хэтрүүлэн хэрэглэх нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинг бууруулж байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь зөвхөн дэлгэцийн хэрэглээний хугацаатай холбоотой бус, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл болон хэрэглэгчийн анхаарлыг удаан барих механизмаас үүдэлтэй гэж үзжээ.
Сошиал платформуудын алгоритмд тулгуурласан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох шинжтэй хэрэглээнд татан оруулах, мөн цахим дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх зэрэг сөрөг үзүүлэлтүүд нэмэгдэж буйг олон улсын судалгаанд дурджээ.
Иймээс сошиал медианы нөлөөг дараах хүчин зүйлсээр цогцоор нь үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
- Хэрэглээний хугацаа
- Агуулгын чанар
- Платформын бүтэц, зохион байгуулалт
- Контент түгээлтийн алгоритмын нөлөө
Дэлхийн олон улс энэ асуудлыг бодлогын түвшинд авч үзэж эхэлсэн байна. Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол Франц, Испани, Дани, Грек зэрэг орон насны хязгаар тогтоох чиглэлд ажиллаж байна. Үүнээс гадна Их Британи, Герман, Норвег зэрэг улсад илүү хатуу зохицуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд АНУ, Хятад, Бразил зэрэг улс ч хүүхэд хамгааллын тусгай зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлжээ.
Одоогоор дэлхийн 25-аас дээш улс сошиал медианы хэрэглээг хүүхдүүдийн хувьд хязгаарлах, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байгаа нь уг асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг илтгэж байна. Мөн олон нийтийн санал асуулгаар бага насныхны хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавихыг дэмжих хандлага давамгай байгааг харуулжээ.
Э. Батшугар Монгол Улс энэ чиглэлийн бодлогыг орхигдуулах боломжгүйг тэмдэглээд, дижитал эрин үед хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх, ухаалаг зохицуулалт нэвтрүүлэх, платформууд болон эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн эрсдэлийг бодлогын түвшинд хязгаарлахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
