Өглөөний хоол бидэнд эрч хүч өгдөг ч, буруу зуршлууд таны хоол боловсруулах системд ноцтой хор хүргэж, хий, өтгөн хаталт, тэр ч байтугай чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Daily Mail мэдээлэв.
Калифорнийн гастроэнтерологич Саураб Сети өглөөний үеийн нийтлэг зуршлуудаас анхаарал татахуйц долоон том алдааг нэрлэжээ.
1. Өглөөний хоол алгасах
Энэ бол хамгийн түгээмэл бөгөөд хамгийн хор хөнөөлтэй алдаа. Өглөөний хоол идэхгүй байх нь хүчил ихсэх, гэдэсний хөдөлгөөн удаашрах шалтгаан болдог. Судалгаагаар өглөөний хоолгүй байх нь таргалалт, 2-р төрлийн чихрийн шижин, даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
2. Кофе хоосон ходоодонд уух
Өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь рефлюкс, зүрхний хорсолт, дотор муухайрах, амны эвгүй үнэр зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг. Сети эмчийн зөвлөгөө: “Кофе уухаасаа өмнө нэг аяга ус уугаад, самар эсвэл гадил шиг хөнгөн зүйл идээрэй.”
3. Хэт чихэрлэг өглөөний хоол, гранола
Хуурай, амттай өглөөний хүнс (жишээ нь, гранола, элсэн чихэр ихтэй мюсли) нь цусан дахь сахарын түвшинг огцом өсгөдөг, үүний дараа эрч хүч хурдан буурч, өглөөний дунд ядрах мэдрэмж төрүүлдэг.
4. Тослог кофе уух
Сүүлийн үед “Butter Coffee” буюу масло эсвэл кокосын тос нэмсэн кофе моодонд орсон. Гэвч эмч нарын хэлснээр ийм кофе тэжээллэг бодисгүй, харин хүчиллэг нэмэгдүүлж, хоолны дуршилыг бууруулдаг байна.
5. “Яарсан өглөөний хоол” буюу явах зуураа идэх
Хүн яарч, яваа замдаа идэх үед бие стрессд орж, хоол боловсруулалтын ферментүүд хангалттай ялгарахгүй. Үр дүнд нь хий, гэдэс дүүрэх, тавгүй мэдрэмж үүсдэг. Хоолоо тайван орчинд, удаан зажилж идэх нь хамгийн зөв.
6. Ус уухгүй байх
Өглөөний ус — таны биеийг сэргээж, хоол боловсруулах эрхтнийг идэвхжүүлдэг. Хэрвээ ус уухгүй байвал гэдэс хатах, биеийн эргэлт удаашрах эрсдэлтэй. Өдрийг нэг аяга бүлээн усаар эхлүүлээрэй.
7. Уураг, эслэггүй өглөөний хоол
Хэрвээ өглөө зөвхөн талх эсвэл амттан иддэг бол бие өдөржин ядарна. Сети эмчийн зөвлөгөө: “Өглөөний хоолондоо өндөг, бүхэл үрийн талх зэрэг уураг, эслэг хослуулан хэрэглэ.”
Өглөөний зөв зуршил нь таны гэдэсний эрүүл мэнд, энерги, дархлаанд шууд нөлөөлдөг. Өглөө ус ууж, хөнгөн, тэнцвэртэй хоол идэж, кофегоо дараа уух — таны эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн алхам юм.
