Ням, 4 сар 20, 2025
HomeБоловсролХААН Банк “Таблеттай багш” санаачилгыг дэмжин алслагдсан бүсийн хүүхдийн боловсролд хөрөнгө оруулж...

ХААН Банк “Таблеттай багш” санаачилгыг дэмжин алслагдсан бүсийн хүүхдийн боловсролд хөрөнгө оруулж эхэллээ

ХААН Банк боловсролын тэгш хүртээмжийг дэмжих зорилгоор “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн ангиудад ажиллаж буй 45 багшид сургалтын зориулалттай ухаалаг төхөөрөмж бүхий багцыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ төсөл нь 2022 оноос эхлэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй санаачилга бөгөөд бага насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах шинэ хувилбар юм.

“Таблеттай багш” хөтөлбөр нь хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч буй 1000 гаруй хүүхдийг гэр бүлийн орчинд сургалтын үйл ажиллагаанд хамруулах зорилготой. Сургалтын ухаалаг төхөөрөмж бүхий энэхүү хэрэглэгдэхүүн нь эцэг эхийн туслалцаатайгаар багшийн чиглүүлгийн дагуу хүүхдийн хөгжилд чиглэсэн боловсролыг хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

ХААН Банкны гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэ үеэр хэлэхдээ:
“Хүүхэд таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг учраас энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэдэг. Насан туршийн амьдралын чанарыг тодорхойлохуйц энэ чухал үед нь ХААН Банк хүүхдэд чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэхээр “Таблеттай багш” санаачилгыг дэмжин хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд буй бага насны хүүхдүүдэд гэртээ ээж, аавтайгаа багшийн чиглүүлгээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх энэхүү гэгээлэг үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн онцоллоо.

Р.Мөнхтуяа нь НҮБ-ын Хүүхдийн сангийн элчийн хувиар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил зудын гамшигт өртсөн хүүхдүүдийн боловсролын хэрэгцээнд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ алслагдсан бүс нутагт сургууль барих, боловсролын тэгш хүртээмжийг сайжруулах төслийг боловсруулж, холбогдох төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.

Одоогоор тус санаачилгын үр дүнд 12 аймгийн 7,000 гаруй хүүхэд, тэдний гэр бүлийнхэн гэртээ багшийн дэмжлэгтэйгээр хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд алслагдсан орон нутагт боловсролын хүртээмж нэмэгдэж, олон хүүхдийн суралцах боломж бодитойгоор бүрдээд байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд