Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хархорум шинэ хотын ерөнхий төлөвлөгөө болон хөгжлийн төслийн танилцуулгатай газар дээр нь танилцлаа.
Шинэ хотыг Орхон голын сав газрын 189 мянган га талбайд барихаар төлөвлөж байгаа бөгөөд Архангай аймгийн Хотонт, Хашаат, Угийннуур сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийг хамрах юм.
Шинэ хотын үзэл баримтлал
Хархорум хот нь 500 мянган хүн амтай, 4Е зэрэглэлийн олон улсын нисэх буудал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн нэгдсэн цогцолбор, 4800 га талбай бүхий тээвэр логистикийн төв, мөн Угийннуурын 2450 га талбайтай аялал жуулчлалын бүс зэргийг багтаасан бүрэн хэмжээний нэгдсэн хот байхаар төлөвлөгдсөн.
Хуучин нийслэлд шинэ хөгжлийн төв
Хот байгуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, мөн Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хархорум хотын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.
Эхний шатны ажлууд
Төслийн багийн зүгээс Ерөнхий сайдад дараах мэдээллийг танилцуулжээ:
- Хотын нийт нутаг дэвсгэрийн тал хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд
- Эхний шатанд цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангана
- Хархорум хот нь Хангайн бүсийн эдийн засгийн шинэ төв болон хөгжих бүрэн боломжтой
Эхний шатны хүрээнд археологи, геологи, түүхэн судалгааг эрчимжүүлэх, мөн дараах тээврийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна. Үүнд:
- Улаанбаатар–Лүн чиглэлийн 101.7 км зургаан эгнээ авто зам
- Лүн–Хархорум чиглэлийн 189.6 км дөрвөн эгнээ авто зам
- Улаанбаатар–Хархорум чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам