Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Төв аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Эрдэнэсант сумын иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, тус суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай биечлэн танилцлаа.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Д.Батзоригт нь 45 жилийн турш мал аж ахуйн салбарт тасралтгүй зүтгэж, эцэг өвгөдөөс уламжлагдсан мал маллах арга ухааныг залуу үедээ өвлүүлэн үлдээж буй туршлагатай малчин юм. Түүний аж ахуйн өсөлт болон амжилтын гол үзүүлэлтүүдийг дурдвал:
- Гарааны үзүүлэлт: 1988 онд өрх тусгаарлахдаа 80 толгой малтай амьдралаа эхэлж байжээ.
- Өнөөгийн амжилт: 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 1453 толгой мал тоолуулж, аж ахуйгаа 18 дахин өсгөж чадсан байна.
- Залгамж халаа: 22 насандаа “Сумын аварга малчин” аавыгаа даган мал маллаж эхэлсэн тэрбээр өдгөө сурсан мэдсэнээ нутгийн залууст заан сургаж буй манлайлагч юм.
- Мал сүргийн чанар: Мал сүргээ эрүүлжүүлэх болон ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг байна.
Ерөнхий сайд уулзалтын үеэр малчдын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.
