Дэлхий даяар хиймэл оюун ухааны (ХОУ) хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, энэ технологи нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой нөлөө үзүүлж эхлээд байна. Үүний дагуу Монгол Улс ч ирээдүйд бэлтгэх зорилгоор боловсролын салбартаа хиймэл оюун ухааны хичээлийг нэвтрүүлэхээр боллоо.
Салбарын анхны алхам: багш нарын бэлтгэл
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар бүх ерөнхий боловсролын сургуулиудад ХОУ-ны хичээл заахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд эхний шатны ажил болох 30 сургагч багшийг 2025 оны зургадугаар сард бэлтгэхээр болсон байна.
Эдгээр багш нар MIT (Массачусетсийн Технологийн Их Сургууль)-ын судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр сургалтад хамрагдана. Сургалт амжилттай хэрэгжсэнээр тэд ЕБС-ийн багш нарт хичээл заах арга зүй, мэдлэгийг түгээх үүрэг гүйцэтгэх юм.
Хиймэл оюун ухааны өдөрлөг зохион байгуулна
Түүнчлэн 2025 оны аравдугаар сард хиймэл оюун ухааны талаарх тусгай өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж буйг салбарын яамнаас мэдээлэв. Энэ өдөрлөгөөр дамжуулан ХОУ-ны талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст ирээдүйн чиг хандлагыг таниулах зорилготой.
Энэхүү санаачилга нь зөвхөн Монголд бус олон улсын боловсролын системд ч хандлага болон өрнөж байна. Жишээлбэл, БНХАУ 2025 оны намраас Бээжин хотын бага болон дунд сургуулиудад хиймэл оюун ухааны хичээл зааж эхлэхээр болжээ.