Урин дулааны улирал эхэлснээр барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буй энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил ноцтой эрсдэл дагуулсаар байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн унасан тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын явцад 51 настай иргэн Б нь 16 давхраас 13 давхар руу унаж, зүүн далны доод хэсгийг хугалсан болох нь тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй, зохих хамгаалалтгүй ажил гүйцэтгэснээс үүдэлтэй энэ мэт ослын тохиолдлууд нэмэгдэж байгаа нь онцгой анхаарал шаардсаар байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд болон аж ахуйн нэгжүүдийг барилгын засвар, бүтээн байгуулалтын ажил хийхдээ аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөхийг дахин анхааруулж байна.