Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.
Хууль зөрчсөн томилгооны асуудал
2025 оны хоёрдугаар сарын 5-нд тус холбооноос Боловсролын сайд П.Наранбаяр нь Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Айдыныг хууль зөрчин томилсон талаар гомдол гаргасан байна.
Энэ асуудлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцэж, 2025 оны тавдугаар сарын 30-нд 227 дугаар тогтоол гаргажээ. Тогтоолоор сайдын гаргасан Б/05 дугаар тушаал нь Төрийн албаны тухай болон Захиргааны ерөнхий хуульд заасан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, 2025 оны долдугаар сарын 1-ний дотор биелэлтийг ирүүлэхийг даалгасан байна.
Тогтоол биелээгүй хэвээр
Гэвч өнөөдрийг хүртэл Б.Айдын нь Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг гүйцэтгэсээр байгаа нь тогтоол хэрэгжээгүйг харуулж байна. Түүнчлэн тогтоолд заасанчлан хугацаанд шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах нөхцөл бүрджээ.
Үйлдвэрчний хорооны шаардлага
Иймд багш нарын үйлдвэрчний эвлэлээс:
- П.Наранбаярын гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгох
- Боловсролын сайдыг огцруулах тухай мэдэгдлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэх
- П.Наранбаярын үйлдлээс улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх
шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
Мөн уг шаардлагын хариуг 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор бичгээр ирүүлэхийг хүссэн байна.



Хууль бус томилгоог нотолсон шийдвэр гарвал эрх баригчид яаралтай засч залруулах ёстой
9-р сарын 15-ны дотор бичгээр хариу өгөх шаардлага шударга сонсогдож байна – яриа хэлэлцээ хийх ёстой бөгөөд эрх баригчид өөрсдийн үйлдлээ олон нийтэд тайлбарлах ёстой