“Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар”-ын зарим албан хаагч 2026 оны гуравдугаар сарын 18-ны орой ажлын байранд архидан согтуурсан зөрчил гаргасан нь тогтоогдож, холбогдох хариуцлагыг ногдууллаа. Уг үйлдэл нь төрийн албаны ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөнд тооцогджээ.
Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт болон байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.3.13 дахь заалтыг зөрчсөн тул холбогдох албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ нь төрийн байгууллагын сахилга хариуцлагыг чангатгах хүрээнд авсан арга хэмжээ юм.
Мөн байгууллагын зүгээс олон нийтийн сүлжээнд тархсан зохисгүй мэдээлэлтэй холбоотойгоор иргэд, үйлчлүүлэгчид болон хамтран ажилладаг байгууллагуудаас уучлал хүсэж байгаагаа илэрхийллээ. Цаашид ижил төрлийн зөрчил гаргахгүй байх, төрийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
