Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Австрийн төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм.
Албан ёсны хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ хуудас
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ:
- Эдийн засаг, хөрөнгө оруулалт
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудал
- Тогтвортой хөгжлийн зорилтууд
- Даян дэлхийн тулгамдсан асуудлууд дахь хамтын хувь нэмэр
Гарын үсэг зурж, хамтын ажиллагааг бататгана
Айлчлалын үеэр Монгол-Австрийн хооронд дараах салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна. Үүнд:
- Нийгмийн хамгаалал
- Санхүү
- Ашигт малтмал
- Шинжлэх ухаан
- Соёл, урлаг
Мөн төрийн тэргүүн нар хамтарсан тунхаглал гаргаж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм.
Хоёр улсын харилцааны товч түүх
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын дипломат харилцааг 1963 оны 7 дугаар сарын 1-нд тогтоосон. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа аажмаар өргөжиж, олон салбарт хамтран ажиллах боломж эрчимжиж байна.