Австралийн Сидней хотын Бонди далайн эрэг дээр 12-р сарын 14-нд Еврейн баяр болох Ханукагийн эхний өдөр үл мэдэгдэх хоёр хүн хүмүүс рүү гал нээсэн тухай орон нутгийн цагдаа нар мэдээллээ.
Цагдаагийн албан ёсны мэдээгээр, одоогоор наад зах нь 10 хүн амиа алдсан бол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 11 эсвэл 12 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Мөн 29 хүн шархадсан тухай мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь байгаа бөгөөд нөгөөг нь шархтайгаар баривчилсан байна.
Тус далайн эрэг дээр орон нутгийн Еврейчүүдийн нийгэмлэгийн гишүүд оролцсон Ханука баярын арга хэмжээ болж байв. Баярт ойролцоогоор мянга орчим хүн оролцсон байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаа болон эрх баригчид буудалцаан үйлдсэн этгээдүүд баярын оролцогчдыг зориуд онилсныг баталж, уг үйл явдлыг террорист халдлага хэмээн тодорхойлжээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд радикаль исламизмтай холбоотой эсэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. Тэдний нэрийг албан ёсоор зарлаагүй байна. Австралийн имамуудын зөвлөл буудалцааныг буруушааж, хохирогчдод эмгэнэл илэрхийлжээ. Австрали дахь Еврейчүүдийн нийгэмлэг эрх баригчид өмнөх анхааруулга өгснийг үл харгалзан гишүүдийнхээ аюулгүй байдалд хангалттай анхаарал хандуулаагүй гэж мэдэгдэв.
Нүдээр харсан гэрчүүдийн мэдээлснээр, хар хувцас өмссөн хоёр хүн далайн эргийн ойролцоох зогсоол дээрээс зориудаар хүмүүс рүү буудсан байна. Халдлага ойролцоогоор 10 минут үргэлжилжээ.
Буудалцаан болон хүмүүс далайн эргээс зугтаж буй бичлэгүүд цацагдсан. Мөн зэвсэггүй хүн буудлага үйлдсэн этгээдүүдийн нэгнээс зэвсгийг нь булаан авч буй бичлэг цахим сүлжээнд гарчээ. Австралийн 7News сувгийн мэдээлснээр, энэ хүн нь Ахмед аль-Ахмед нэртэй орон нутгийн дэлгүүрийн эзэн аж. Тэрээр шархадсан ч амьд үлдсэн гэж мэдэгдсэн.
Оршин суугчдыг далайн эрэг болон ойр орчмын нутгийг орхин явахыг уриалсан. Буудалцаан болсон газраас хийсэн видео дамжуулалтаар олон тооны цагдаагийн ажилтнууд болон эмнэлгийн ажилтнууд хохирогчдод газар дээр нь тусламж үзүүлж байгаа харагдаж байв.
Зарим мэдээллээр, халдлага үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн нэрэг машиныг шалгахад гар хийцийн тэсрэх төхөөрөмж олдсон бөгөөд цагдаа нар түүнийг аюулгүй болгожээ. Мөн болзошгүй хамсаатны тухай мэдээллийг шалгаж байна.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хүчирхийлэл, антисемитизм, үзэн ядалттай тэмцэх шаардлагатайг бичжээ. Израилын удирдагчид халдлагын зорилго Еврейчүүд байсныг онцолж, Австралийн эрх баригчдыг “Австралийн нийгмийг хамарсан антисемитизмийн давалгаатай” тэмцэхийг уриалав. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч мөн антисемитизмтэй тэмцэх шаардлагатайг бичжээ.
Австралийн хаан болох Их Британийн Хаан III Чарльзын мэдэгдэлд “Еврейчүүдийг онилсон аймшигт антисемитийн террорист халдлага” гэжээ. Үүний зэрэгцээ, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер халдлагын талаар дурдалгүйгээр Ханукагийн баярын мэндчилгээ нийтэлсэн нь цахим сүлжээнд шүүмжлэлд өртсөн. Дараа нь Стармер хохирогчдод эмгэнэл илэрхийлж, Их Британи үргэлж Австрали болон Еврейчүүдийн нийгэмлэгтэй хамт байх болно гэж бичжээ.
