Дэлхий даяарх 850 гаруй эрдэмтэн, бизнесмен, олон нийтийн зүтгэлтэн нээлттэй захидалд гарын үсэг зурж, хүний оюуны чадварыг даван гарахуйц хиймэл оюун ухааны (AI) системүүдийн хөгжүүлэлтийг түр хугацаанд зогсоохыг уриалжээ.
Энэ талаар The Financial Times мэдээлсэн байна. Захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Apple компанийн хамтран байгуулагч Стив Возняк, Virgin Group-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон, хиймэл оюун ухааны салбарын анхдагчид болох Йошуа Бенжио, Джеффри Хинтон, Стюарт Рассел зэрэг эрдэмтэд багтжээ. Мөн Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон зэрэг олон нийтийн болон улс төрийн төлөөлөгчид нэгдсэн байна.
Захидалд дурдсанаар, хүний оюуны чадварыг давахуйц системүүдийг хөгжүүлэх болон сургах үйл явцыг түр хугацаанд зогсоох нь зайлшгүй шаардлагатай гэжээ. Хөгжүүлэлтийг үргэлжлүүлэхийн өмнө олон улсын аюулгүй байдлын протоколууд болон шинжлэх ухааны зөвшилцөл бүрэлдэх ёстой гэж тэд онцолсон байна.
Салбарын тэргүүлэгчид болох Илон Маск болон OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман өмнө нь ч хяналтгүй хөгжиж буй хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй талаар анхааруулж байжээ. Маск хиймэл оюун ухааны улмаас дэлхийн хэмжээний сүйрэл гарах магадлалыг 20% гэж тооцсон бол Альтман “супер оюун ухаан бол хүн төрөлхтний оршин тогтнолд тулгараад буй хамгийн том аюул” хэмээн тодорхойлсон байдаг.
