Пүрэв, 10 сар 30, 2025
HomeОлон улсын мэдээАНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНСУ-д уулзлаа

АНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНСУ-д уулзлаа

Пүрэв гарагийн өглөө БНСУ-ын Пусан хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт боллоо. Хоёр талын хэлэлцээ нэг цаг гаруй үргэлжилжээ.

Трамп нисэх онгоцондоо сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “уулзалт гайхалтай болж өнгөрсөн” хэмээн хэлж, худалдаа, татвар, ховор элементийн түүхий эд зэрэг олон чухал асуудлаар хийх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.

Трампын мэдээлснээр, АНУ хятадын импортын бараанд ногдуулах гаалийн татварыг 10%-иар бууруулах бөгөөд үүний хариуд Хятад улс АНУ-ын шар буурцагны томоохон худалдан авалтаа дахин эхлүүлэх юм байна.

Мөн хоёр тал ховор элементийн металл (17 төрлийн химийн элемент)-ийн экспортод тавьсан хятадын хязгаарлалтыг цуцлахаар тохиролцсон. Эдгээр элементүүд нь автомашин, нисэх онгоц, зэвсгийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй юм.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир онцлохдоо, Хятад улс эдгээр металлын нийлүүлэлтэд хяналтаа өргөжүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан гэжээ. Трамп “Ховор металлын асуудал бүрэн шийдэгдлээ, энэ бол дэлхий дахинд хамаатай сайн мэдээ” хэмээн мэдэгдсэн байна.

Трамп мөн Ши Жиньпинтэй Орос-Украины дайн талаар ярилцсан бөгөөд хоёр удирдагч “хамтран ажиллахаар” тохиролцсон гэж хэлжээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, Ши хэлэлцээний дараа “талууд худалдааны чухал асуудлуудаар ойлголцолд хүрч, хоёр улсын эдийн засагт эерэг, тогтвортой үр дүн авчрахын төлөө хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Хятад ба АНУ том гүрнүүдэд тохирох хариуцлагыг хамтдаа харуулж чадна” хэмээн онцолжээ.

Трамп ирэх 2026 оны дөрөвдүгээр сард Хятад улсад айлчлах төлөвтэй бөгөөд урьдчилсан худалдааны хэлэлцээрийг “ойрын саруудад” байгуулж магадгүй гэж мэдэгджээ.

Хэлэлцээний өмнөхөн Трамп АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтыг дахин эхлүүлэхийг Пентагонд даалгасан байна. Тэрээр сошиал сүлжээнд “АНУ-д дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэг бий, Орос хоёрт, Хятад алс хол гуравт ордог” гэж бичжээ.

Мөн уулзалтын үеэр Тайванийн асуудал болон Хятад улс Оросын нефть худалдан авч буй асуудал хэлэлцэгдээгүй. Энэ нь Украины тал болон барууны холбоотнуудын Пекин рүү шахалт үзүүлэх уриалгыг үл харгалзсан хэрэг юм.

Энэхүү уулзалт нь Вашингтон хоёр том оросын газрын тосны компанид хориг тавьснаас долоо хоногийн дараа болсон бөгөөд Хятад улс одоо ч Оросын хамгийн том газрын тос худалдан авагч, Москвагийн гол түнш хэвээр байна.

Трамп уулзалтын өмнө “Бид хэд хэдэн асуудлаар аль хэдийн ойлголцсон, одоо бусад дээр тохиролцоно гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлсэн бол Ши “хоёр талын харилцаанд найдвартай суурь бий болгохын тулд хамтран ажиллахад бэлэн байна” гэж хариу өгчээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд