Америкийн Флорида мужийн Өмнөд тойргийн холбооны шүүхээс 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутай гэмт тогтоогдсон Райан Уэсли Рутад бүх насаар нь хорих ял оноожээ.
Fox News телевизийн мэдээлснийг Mongolnews24.com уламжилснаар, прокурор ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд Рут одоог хүртэл гэм буруугаа хүлээгээгүй бөгөөд гэмшиж буйгаа илэрхийлээгүйг онцолсон байна.
Яллагч талын хэлснээр, Рут хэдэн долоо хоногийн турш Трампын амь насанд халдах төлөвлөгөө боловсруулсан байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч түүнд 20 жил хорих ял оноохыг хүсжээ.
Райан Рутыг 2023 оны есдүгээр сард Дональд Трампын байсан Флорида дахь гольфын клубийн ойролцоогоос баривчилсан юм. Нууц албаны ажилтнууд бутны цаана зэвсэг барин нуугдаж байсан этгээд рүү гал нээсэн бөгөөд Рутыг зугтах гэж байхад нь саатуулжээ. Хэргийн газраас дурантай АК-47 автомат буу, хоёр үүргэвч болон GoPro камер олдсон байна.
2024 оны есдүгээр сард шүүхээс Рутыг Трампын амь насанд халдахыг завдсан, хүчирхийлэл үйлдэх зорилгоор галт зэвсэг эзэмшсэн, мөн холбооны албан тушаалтан руу халдсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутай гэж үзсэн юм.
