БНСУ-ын эрх баригчид 14-өөс доош насны хүүхдүүдэд сошиал сүлжээ ашиглахыг хориглох боломжийг судалж байна. Энэ талаар тус улсын Олон нийтийн харилцаа, холбооны комиссын дарга Ким Чон Чхоль мэдэгдсэн тухай Yonhap агентлаг дамжуулжээ.
Түүний хэлснээр, эрх баригчид 14-өөс доош насны хүүхдүүдийг сошиал платформд аккаунт нээх боломжгүй болгох хувилбарыг авч үзэж байгаа аж. Мөн 14-19 насны өсвөр үеийнхнийг платформд хэт их цаг зарцуулахад хүргэдэг алгоритмын нөлөөг хязгаарлах асуудал яригдаж байна.
Ким Чон Чхоль парламент дээр насанд хүрээгүй хүүхдүүдийн сошиал сүлжээний хэрэглээтэй холбоотой долоон орчим хуулийн төсөл санал болгогдсон гэдгийг онцолжээ.
Өмнөх тоглоомын хоригийн туршлагыг харгалзана
Гэсэн ч албан тушаалтны хэлснээр, энэ асуудалд болгоомжтой хандах шаардлагатай. Тэрээр өсвөр насныхныг шөнийн цагаар онлайн тоглоом тоглохыг хориглосон өмнөх туршлагыг жишээ болгон дурдсан байна.
2011 онд Өмнөд Солонгост 16-аас доош насныхныг шөнө дундаас өглөөний 6 цаг хүртэл онлайн тоглоомд нэвтрэхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн. Харин 2022 оны 1-р сард уг хуулийг цуцалжээ.
Yonhap-ийн мэдээлснээр, тухайн хориг нь тоглоомын салбарт сөргөөр нөлөөлсөнөөс гадна хүмүүсийн “үндсэн эрхийг зөрчсөн” гэж шүүмжлэгдэж байсан байна. Тиймээс шинэ зохицуулалтыг боловсруулахдаа хүүхдийн аюулгүй байдал, хувийн эрх чөлөө болон дижитал салбарын нөлөөг хамтад нь тооцох шаардлагатай гэж үзэж байна.
