Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ЗӨСҮТ) иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй байх, түүхий эд болон махтай нь харьцахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тарваган тахал нь цаг алдалгүй эмчлэхгүй бол хүний амь насанд маш аюултай халдварт өвчин юм.
Тарваган тахал халдварлах үндсэн 4 зам:
- Шууд хавьтлын зам: Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүйгээр асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
- Дам халдварын зам: Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар дамжин халдварлана.
- Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар, ханиаж найтах үед халдварлана.
- Хоол хүнсний зам: Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол тарвага агнахгүй байх, түүхий эд, махтай нь огт харьцахгүй байх явдал юм. Мөн өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүйгээр ойртож, харьцахгүй байхыг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.

