НүүрСпорт"Улаанбаатар" клуб Дээд лигийн түүхт 30 жилийн ойн улиралд аваргаллаа

“Улаанбаатар” клуб Дээд лигийн түүхт 30 жилийн ойн улиралд аваргаллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн түүхт 30 жилийн ойн улирал амжилттай өндөрлөж, шилдгүүдээ зарлалаа. Нийт 10 сарын хугацаанд хөлбөмбөг сонирхогчдыг цэнгүүлсэн тус тэмцээнд багууд 103 тоглолт хийж, эсрэг багийнхаа хаалганд 482 гоол оруулсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Энэхүү түүхэн улирлын эцэст “Улаанбаатар” клуб гурав дахь удаагаа аваргын цомыг өргөж, лигийн түүхэнд нэрээ тодоор тамгалав.

Мөнгөн медалийн төлөөх тэмцэл сүүлийн тойрог хүртэл туйлын эгзэгтэй өрнөсөн бөгөөд үүнд Азийн хөлбөмбөгийн холбооны “Чэлленж лиг”-т оролцох эрх дагалдаж байсан юм. Улмаар өнгөрсөн жил 9-р байрт шалгарч байсан “Төв Азарганууд” буюу “Централ Сталлионс” баг гайхалтай ахиц гаргаж, 46 оноотойгоор түүхэндээ анх удаа дэд аварга боллоо. Тэднээс ердөө 1 онооны дутуу буюу 45 оноотойгоор Г.Мөнхчулуун эзэнтэй, Б.Ууганбат ахлагчтай “Дэрэн” клуб хүрэл медаль хүртэж, багийнхаа түүхэн дэх Дээд лигийн 4 дэх медалиа халааслав.

Б.Гантиг эзэнтэй, Д.Төрбат ахлагчтай “Улаанбаатар” баг энэ улиралд хол тасархай байж, лиг өндөрлөхөөс 3 тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан байна. Түүнчлэн тэд тэмцээний эхний 15 тоглолт дараалан хожигдоогүй цувралыг үргэлжлүүлсэн бөгөөд 22 тоглолтоос 17 хожил, 2 тэнцээ авч, 53 оноотойгоор лигийг тэргүүлжээ. Нийслэл хотын баг ийнхүү 3 дахь алтаа авснаар “Эрчим”, “Хангарьд” клубийн араас 3 удаа түрүүлсэн 3 дахь баг болж, нийт 8 дахь медальтайгаа (4 удаа мөнгө, 1 удаа хүрэл) бүх цаг үеийн амжилтаар 3-р байрт жагсах боллоо. Тэд энэ улиралд 81 гоол оруулж, хаалгандаа ердөө 19 гоол алдсан нь лигийн шилдэг үзүүлэлт болов.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр улирлын турш тоглолт болон шүүлтээрээ бусдыгаа түүчээлсэн шилдэг албан тушаалтан, тамирчдыг тодруулж, шагналыг нь гардуулсан юм. Тухайлбал, лигийн шилдэг туслах шүүгчээр Б.Эрдэнэгомбо, шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ нар нэрлэгдсэн бол шилдэг тоглогчдын шагналыг дараах тамирчид хуваан авлаа.

  • Шилдэг хаалгач: “Улаанбаатар” клубийн Э.Мөнх-Эрдэнэ хаалгандаа гоол алдаагүй 9 тоглолт хийсэн үзүүлэлтээр 3 дахь удаагаа энэ шагналыг авч, 4 дэх удаагаа лигийн аварга боллоо.
  • Шилдэг хамгаалагч: Тус клубийн төвийн хамгаалагч Г.Бат-Оргил хамт олноороо 2 дахь удаагаа лигийн аварга болж, анх удаагаа шилдгийн шагналыг хүртлээ.
  • Шилдэг хагас хамгаалагч: “Дэрэн” клубийн амжилтын тулгуур Б.Батмөнх 13 гоолын дамжуулалт өгсөн амжилтаар лигийн бүх тоглогчийг тэргүүлж, анх удаагаа шилдгээр шалгарчээ.
  • Шилдэг довтлогч: “Улаанбаатар” багийн мэргэн бууч О.Мижиддорж 19 гоолтойгоор лигийг тэргүүлж, одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 оны амжилтаа давтан 2 дахь удаагаа мэргэн бууч боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд