Архангай аймгийн “Бөхбилэгт” бөхийн дэвжээнээс Үндэсний их баяр наадмын өмнөх уламжлалт сорилго барилдаанаа 2026 оны долоодугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус нутгаас төрөн гарсан хүчит 64 бөх зодоглосон тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан бөгөөд ирэх наадмын өнгийг тодорхойлох хариуцлагатай сорилт болсон юм.
Батцэнгэл сумын харцага түрүүлж, Хотонтын заан үзүүрлэв
Энэхүү хүч чадал, ур чадварын шалгуурт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар гарамгай барилдаан үзүүлж, дүүрэн мэхээрээ түрүү бөхийн байг хүртлээ. Түүнтэй үзүүр түрүүний төлөө Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн тунан үлдэж үзүүрлэсэн байна.
Улсын цолтнууд болон залуу бөхчүүд ширүүн өрсөлдсөн тус барилдааны их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Хотонт сумын харьяат улсын начин Э.Мөнхжаргал нар шалгаран үлджээ. Хүчит бөхчүүдийн энэхүү сорилго барилдаан нь Архангай нутгийн дэвжээний бөхчүүд энэ жилийн улсын наадамд өндөр бэлтгэлтэй байгааг илтгэн харууллаа.
