Олны анхаарлыг татаад буй допингийн хэрэгтэй холбогдуулан Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Хосбаярт шүүхээс торгох ял оноогоод байгаа билээ. Түүнчлэн уг хэрэгт холбогдсон Н.Ератад прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхийн шатанд шилжүүлээд байна.
Энэхүү эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Хосбаяраас хураан авсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан допингийн төрлийн нийт 28 нэр төрлийн эмийг албаныхан бүрмөсөн устгалд оруулжээ. Устгагдсан хориотой бэлдмэлүүдийн дунд тамирчдын биеийн чадамжийг нэмэгдүүлдэг гэх дараах томоохон нэршил бүхий эмүүд багтсан байна:
- “Testomed E250”
- “Stanozon”
- “Primomed 100”
- “Only for Russian national team”
Хэргийн материалыг сөхвөл, Ц.Хосбаяр нь дээрх нэр төрлийн эм бэлдмэлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг аж. Улмаар 2024-2025 оны хооронд нэр бүхий гурван иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг хэмээн итгүүлж, дамлан худалдан борлуулсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
