Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ажиллагааг эрчимжүүлж байна. Энэ оны тавдугаар сарын 15-ны байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Үүний дотор өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн анхан шатны шүүхээр долоон хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлсэн байна.
Эдгээр хэргүүдээс олны анхаарлыг татсан нэгэн хэрэг нь нийслэлийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч Ш.Н-д холбогдох албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан үйлдэл байв. Тэрбээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хуурамч тушаал гаргах болон компаниудтай үгсэн хуйвалдах замаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгожээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон түүний хууль бус үйлдлүүдийг багцалбал:
- Хуурамч ажлын байр үүсгэсэн нь: 2025 оны арваннэгдүгээр сард иргэн Б.Э-г сэтгэл зүйчээр томилох тушаал гаргажээ. Тухайн иргэн нь цэцэрлэгт огт ажиллаагүй байхад цалин бодож, гарт олгогдсон 1.9 сая төгрөгөөс 1.6 саяыг нь бусдын дансаар дамжуулан хувьдаа завшиж байсан байна.
- Хуурамч гэрээ байгуулсан нь: 2025 оны наймдугаар сард “С…” ХХК-тай 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг зориудын зорилгоор байгуулжээ. Улмаар тус компанийн данс руу мөнгийг шилжүүлж, тэндээсээ 2.7 сая төгрөгийг бэлнээр буцаан авч, хувьдаа ашигласан нь тогтоогджээ.
Тэрбээр эдгээр үйлдлээрээ өөрийн удирдаж байсан 33 дугаар цэцэрлэгт нийт 5.7 сая төгрөгийн бодит хохирол учруулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Ингэхдээ түүний нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэв. Мөн түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бөгөөд одоогийн байдлаар учруулсан хохирлоос 3.7 сая төгрөг нь эргэн төлөгдөөд байгааг шүүхийн шийдвэрт дурджээ.
