Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг Тагнуулын байгууллагаас өчигдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр газар дээр нь илрүүллээ. Хятад улсын иргэн Монгол Улсын нэр бүхий иргэдтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газарт хууль бусаар нэвтэрсэн байна. Тэд тусгай хамгаалалттай “Бяран” уулыг тэсэрч дэлбэрэх бодис ашиглан дэлбэлж, ногоон хаш олборлож байхад нь ийнхүү баривчилжээ.
Гэмт этгээдүүд Зил-130 маркийн хоёр автомашин болон цасны мотоцикл ашиглан тайгын бүсэд нэвтэрсэн бөгөөд одоогийн байдлаар тэднийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Уг хэрэгт төрийн байгууллагын албан тушаалтнууд холбоотой байж болзошгүй дараах сэжиг бүхий нөхцөл байдал тогтоогджээ.
- Хяналт шалгалтын хуурамч мэдээлэл: Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас энэ сарын 4-ний өдөр “Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй, үер усны улмаас техник явах боломжгүй” гэх мэдээллийг олон нийтэд өгч байжээ.
- Удирдлагуудыг шалгах үндэслэл: Хамгаалалтын захиргааны дарга н.Идэрмөнх болон Цагааннуур суман дахь Хилийн цэргийн дугаар заставын удирдлагуудыг гэмт этгээдүүдэд боломж олгосон, үгсэн хуйвалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр иргэдээс гомдол ирсэн байна.
- Хугацааны зөрүү: Хэрэгт холбогдсон этгээдүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр тухайн бүсэд нэвтэрсэн байх магадлалтай атал байгаль хамгаалагчид болон хилийн заставынхан олон хоногийн турш “ул мөр илрээгүй” хэмээн мэдээлж байсан нь анхаарал татаж байгаа юм.
Тусгай хамгаалалттай бүсэд арав орчим иргэн техник хэрэгсэлтэй нэвтэрч, уул нураах хэмжээний дэлбэрэлт хийж байхад орон нутгийн хамгаалалтын захиргаа, хилийн цэргийнхэн мэдээгүй өнгөрсөн нь энэ хэрэг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүйг харуулж байна. Тагнуулын байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хууль бусаар олборлосон ногоон хаш чулууны хэмжээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна.
