Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярыг угтан “Энх цагийн дуулал” нэртэй шинэ уран бүтээлээ маргааш буюу 2026 оны 5 дугаар сарын 15-ны 13:00 цагт Ялалтын талбай дээр олон нийтэд анх удаа танилцуулахаар болжээ.
Тэрээр энэхүү арга хэмжээний үеэр байгаль дэлхийгээ хайрлах, ирээдүй хойчдоо ногоон орчин үлдээх зорилгоор 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг модны суулгацыг хүрэлцэн ирсэн эхний 2026 хүнд үнэ төлбөргүй бэлэглэхээ мэдэгдлээ. Дуучин С.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдийг “Эх дэлхийн энх амгалангийн төлөө бүгдээрээ мод тарьцгаая” хэмээн уриалсан юм.
Тэрээр энэхүү санаачилгынхаа талаар хэлэхдээ:
“Хүн энэ хорвоо дээр үр удмаа үлдээх, ном бүтээх, мод тарих гэж ирдэг гэсэн нэгэн сайхан үг байдаг. Энэхүү утга учрыг бодож, 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг мод худалдаж авсан. Маргааш Ялалтын талбай дээр цуглаж, шинэ дуугаа хамтдаа дуулж, мод тарих үйлсэд нэгдэцгээе.”
Уг арга хэмжээг зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон Соёлын төв өргөө дэмжлэг үзүүлж, техник хэрэгслээр хангахаар болсон байна. Мөн тэрээр залуу уран бүтээлч дүү нараа хүрэлцэн ирж, сайн үйлсийн аянд нэгдэхийг урьжээ.
