Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев манай улсад төрийн айлчлал хийсэн нь спортын салбарт, тэр дундаа боксын төрөлд шинэ боломжуудыг нээсэн юм. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэлийг шат дараатай зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 14-ний хооронд Спортын төв ордон болон “Их тамир олимп” цогцолборт 50 хүний бүрэлдэхүүнтэй эхний бэлтгэлүүд амжилттай явагдсан юм.
Уг хамтын ажиллагааны үргэлжлэл болж 2025 оны долдугаар сард Ардын багш Д.Бандийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээний үеэр хоёр орны тамирчид нөхөрсөг тулаан хийж, туршлага солилцож байв. Харин 2026 онд энэхүү харилцаа илүү өндөр түвшинд хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайханы удирдлага дор манай 14 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт Узбекистаныг зорьсон байна.
Хамтарсан бэлтгэл ба Азийн аваргын амжилт:
Тамирчид дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-ний хооронд Ташкент хотноо олимп, дэлхийн хошой аварга Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд ур чадвараа ахиулсан юм. Энэхүү бэлтгэл үр дүнгээ өгч, Ташкент хотод үргэлжилж буй өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд (АШТ) манай тамирчид амжилттай оролцож байна. Одоогийн байдлаар дараах тамирчид мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа:
- Хөвгүүд: Т.Кайсар (49 кг), Ө.Сүлд (50 кг), Б.Баттэмүүлэн (63 кг).
- Охид: А.Мөнгөнзул (48 кг), З.Аминхайр (50 кг), Ч.Дагиймаа (57 кг).
Узбекистан улс нь боксын төрлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тэдний бэлтгэлийн системээс суралцсан нь манай залуу тамирчдад Азийн дэвжээнд хүч үзэх том хөшүүрэг болжээ. Тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монголын баг тамирчид медалийн өнгөө хувиргахаар шийдвэрлэх тулаанууддаа бэлтгэж байна.
