2026 оны Италийн Милан болон Кортина-д`Ампеццо хотуудад болох өвлийн Олимпын наадмын тасалбар борлуулалтаар хоккей хамгийн эрэлттэй спорт болсныг зохион байгуулагчид мэдээллээ. Энэхүү асар их эрэлт нь Үндэсний хоккейн лигийн (NHL) тоглогчид 2014 оноос хойш анх удаа Олимпод эргэн ирж байгаатай шууд холбоотой юм. Хоккейн араас биатлон болон гүйлтийн цана хамгийн их борлуулалттай төрлүүдээр удаалж байна. Одоогоор Олимп болон Паралимпын нийт тасалбарын 75 хувь буюу 1.2 сая орчим тасалбар хэдийнэ борлогдоод байгаа ажээ.
Гэсэн хэдий ч хоккейн тэмцээн явагдах Милан хотын “Санта-Джулия” цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил бүрэн дуусаагүй байгаа талаар мэдээлэл гарч байна. Нэгдүгээр сард тус аренад болсон Италийн цомын хагас шигшээ тоглолтын үеэр мөсөн дээр нүх гарснаас болж тоглолт тасалдаж байсан бөгөөд одоогоор засварын ажил яаралтай хийгдэж байна. Өвлийн Олимп 2026 оны 2-р сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн ажиллагаа ердөө хоёр хоногийн дараа болох гэж байна.
