Бямба, 6 сар 14, 2025
HomeОсол хэрэг18 адуу хулгайлагдаж төхөөрөгдсөн хэргийн цаана – шавь нарын урвалт, багшийн харамсал

18 адуу хулгайлагдаж төхөөрөгдсөн хэргийн цаана – шавь нарын урвалт, багшийн харамсал

2025 оны 6 дугаар сарын 7-ны орой Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадамд зориулан бэлтгэж байсан 5-12 насны 18 морь алга болсон тухай мэдээлэл цагдаад ирснээр олны анхаарлыг татсан ноцтой хэрэг ил болжээ. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эдгээр морьд Сонгинохайрхан дүүргийн мал төхөөрөх газарт хүргэгдэн, бүгд төхөөрөгдсөн болох нь тогтоогдсон байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “19-27 насны дөрвөн хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Морьт харвааны багшийн сэтгэл эмтрүүлсэн урвалт

Монголын үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарын хувьд энэ хэрэг илүү гүн гашуудал, гомдол төрүүлжээ. Учир нь адууг хулгайлсан этгээдүүд дотор түүний шавь нар байсан нь тогтоогдсон байна. “Юуг нь нуух вэ, тэр хулгайч нар дотор миний шавь байж. Мориндоо бус чонотой нийлсэн хонь гэдэг шиг зан гаргаж багш нарынхаа хайртай хүлгийг алж байхдаа нүд цавчаагүй шавь нартаа харамсаж байна” хэмээн тэрбээр гунигтайгаар өгүүлжээ.

Түүний өгүүлснээр тэрээр сүүлийн найман жилийн хугацаанд гэр хорооллын хүнд нөхцөлд өсөж буй, архи дарс, зөрчилт үйлдэлд автсан өсвөр насныхныг зорин хайж, морьт харваагаар дамжуулан хүмүүжүүлж, гэрэл гэгээтэй амьдралд хөтлөхийг хүсдэг байжээ. Тэр хүүхдүүдэд ирээдүйг мөрөөдүүлж, гадаадын их сургуульд сурах тухай ярьж, сайн хүн болох итгэл найдварыг төрүүлж байснаа дурдсан.

Харамсалтай нь, багшийн зэмлэл, сургамжийг тэвчилгүй, архидан согтуурсан шавь нар өш хонзон санан адууг нь устгасан байж болзошгүй нөхцөл байдал тодорчээ. Б.Болдбаатар “Үхэл рүүгээ явж байгаагаа тэр морь мэдсэн байх. Камерын бичлэг үзэхэд Халзан морь минь зугтааж байгаад баригдаж, аваачигдсан нь бичигдсэн” гэж хэлээд нулимсаа барьж чадаагүй гэдгээ хуваалцсан юм.

Уяачид хариу арга хэмжээ авч, морь бэлэглэлээ

Одоогоор хоёр ч уяач хулгайлагдаж, устгагдсан адууны оронд шинээр морьд бэлэглэхээ мэдэгдээд байна:

  • Монгол Улсын Тод манлай уяач П.Энхмөнх уналгаа, эдэлгээ сайтай гурван адуу бэлэглэжээ.
  • Х.Мөнхжин Төрийн наадмын хоёр аман хүзүү, хоёр айраг хүртэж байсан хурдан “Цолмон халзан азарганы” Хонгор халзан даагаг бэлэг болгон өгсөн байна. Тэрбээр “Сайхан сургаж, олон наадмын нээлтэнд оролцож, түмэн олноо баясгаж байх болтугай. Бусад уяач залуусаа ч уриалж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.

Улсын баяр наадам хаяанд ирж буй энэ үед энэхүү харамсалтай үйл явдал морины өв соёл, үндэсний бахархлын үнэ цэнийг эргэн харахад хүргэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд