Монголын алслагдсан бүсийн охид, эмэгтэй багш нарыг мэдээллийн технологи, хиймэл оюуны мэдлэг, ур чадвараар чадавхжуулах шинэ төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэхүү санаачилга нь 2021 оноос амжилттай хэрэгжиж буй “Girls Code” (Код бичих охидын хөтөлбөр) болон өнгөрөгч сард орон даяар 500 багш бэлтгэсэн “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр 2025”-ийн үргэлжлэл юм.
“AI for Women 100×100” хөтөлбөр
Шинэ хөтөлбөрийг AI Academy Asia санаачлан, Голомт банкны дэмжлэгтэйгээр, IO Institute-тэй хамтран зохион байгуулж байна. Төслийг Олон улсын мэдээлэл технологийн байгууллагын AI for Good – AI Skills Coalition санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд:
- 100 охин, 100 эмэгтэй багш сонгон шалгаруулна.
- Охид хиймэл оюуны суурь ойлголт, практик ур чадвар эзэмшиж, бодит төсөл дээр ажиллана.
- Багш нар хиймэл оюуны сургалтын арга зүйд суралцан, өөрийн сургуульдаа нутагшуулах боломжтой.
- Мэргэжлийн сургагч, олон улсын экспертүүдийн удирдлага дор сургалт явагдана.
- Нэг багшийг хөгжүүлэх нь тухайн сургуулийн олон зуун сурагчийн боловсролд шууд хөрөнгө оруулалт болох ач холбогдолтой.
Сургалтын дэлгэрэнгүй
- Хэлбэр: Цахим болон танхимын хосолсон сургалт
- Бүртгэлийн хугацаа: 2025 оны 9-р сарын 1 – 9-р сарын 14
Хэн хамрагдах боломжтой вэ?
- 14–18 насны охид (9–12-р ангид суралцаж буй, орон нутаг болон Улаанбаатарын захын хорооллоос)
- ЕБС-ийн эмэгтэй багш нар (одоогоор хичээл зааж буй)