Зүрхэнд нүүрс усгүй хооллолт тустай юу, эсвэл өөх тос багатай хооллолт дээр үү гэдэг олон жилийн маргаанд Харвардын их сургуулийн эрдэмтэд цэг тавилаа. Тэд АНУ-ын 200 мянга орчим иргэний 30 гаруй жилийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хоол хүнсэн дэх шим тэжээлийн тоо хэмжээ биш, харин чанар хамгийн чухал гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны үр дүн Journal of the American College of Cardiology (JACC) сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Судалгаанд хамрагдсан хүмүүсээс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үрийн бүтээгдэхүүн болон эрүүл өөх тос бүхий олон төрлийн, тэнцвэртэй хооллолтыг баримталдаг оролцогчдын цусан дахь “сайн” холестерины хэмжээ өндөр, үрэвслийн үзүүлэлт бага байжээ. Мөн тэдний дунд зүрхний ишеми өвчин тусах магадлал харьцангуй бага байсан нь ажиглагдсан байна.
Харин эсрэгээрээ, боловсруулсан хүнс, амьтны гаралтай өөх тос, уураг ихээр агуулсан “нүүрс ус багатай” эсвэл “өх тос багатай” хоолны дэглэмүүд зүрхэнд ямар нэгэн давуу тал олгоогүй байна.
Эрдэмтдийн дүгнэлт
Судалгааг удирдсан Харвардын их сургуулийн тархвар судлаач Чиюань Ву-гийн хэлснээр: “Зөвхөн макро шим тэжээлийн (уураг, өөх тос, нүүрс ус) найрлагад анхаарч, хүнсний чанарыг орхигдуулах нь эрүүл мэндийг сайжруулахад тус болохгүй.”
Энэ нь хүмүүс заавал нэг төрлийн хатуу дэглэм баримтлах шаардлагагүй, харин хоол хүнснийхээ ерөнхий тэнцвэр болон чанарт анхаарах нь хангалттай гэсэн үг юм. Ийм хооллолт нь зүрх судасны системд ижил төстэй биологийн механизмоор дамжуулан эерэг нөлөө үзүүлдэг байна.
Юунд анхаарах вэ?
Йелийн их сургуулийн зүрхний эмч Харлан Крамхольц-ын онцолсноор, энэхүү ажил нь “нүүрс ус ба өөх тос”-ны сөргөлдөөнийг эцэслэхэд тусалж байна. Зүрхний эрүүл мэндийг урт хугацаанд хадгалахын тулд:
- Илчлэг, өөх тос, нүүрс усны тоог хэт хатуу тоолохоос илүүтэй;
- Ургамлын гаралтай хүнс, бүхэл үр, эрүүл өөх тосыг сонгох;
- Үйлдвэрийн аргаар хэт боловсруулсан хүнснээс татгалзах;
- Байгалийн гаралтай, натурал хүнсэнд давуу тал олгох нь хамгийн чухал юм.
Энэхүү судалгаа нь 5.2 сая гаруй “хүн-жил”-ийн ажиглалтад үндэслэсэн тул гаргасан дүгнэлтүүд нь шинжлэх ухааны хувьд маш өндөр ач холбогдолтойд тооцогдож байна.
