Калифорнийн их сургуулийн (АНУ) эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдийн тархины саарал бодис буюу мэдээлэл боловсруулах, сэтгэл хөдлөл болон эмпати (бусдыг ойлгох чадвар) хариуцсан хэсгийн эзэлхүүн тодорхой хэмжээгээр багасдаг болохыг тогтоожээ.
“Mongolnews24.com” болон “Nature Communications” (NatCom) шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс үзвэл, энэхүү өөрчлөлт нь эх хүний тархинд томоохон шинэчлэл явагдаж буйг илтгэж байна.
Уг өргөн хүрээний судалгаанд 127 эмэгтэй хамрагдаж, тэдний тархийг жирэмслэхээс өмнө, жирэмсэн үед болон төрсний дараа тогтмол сканердаж шинжилжээ. Харьцуулах зорилгоор жирэмслэхгүй байгаа 52 эмэгтэйг мөн хяналтын бүлэгт оруулсан байна. Шинжилгээний дүн жирэмсэн эмэгтэйчүүдийн тархины саарал бодисын эзэлхүүн дунджаар 5%-иар буурсан болохыг харуулсан бөгөөд энэ нь төрснөөс хойш зургаан сарын дотор хэсэгчлэн сэргэж байв.
Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар, эдгээр өөрчлөлтүүд нь голчлон хүний өөрийгөө мэдрэх, бусдыг ойлгох, туслах чадварыг зохицуулдаг тархины “пассив горимын сүлжээ”-нд нөлөөлдөг байна. Гэхдээ энэ нь оюун ухааны чадамж буурч буй хэрэг биш, харин эх хүн хүүхэдтэйгээ илүү гүнзгий холбоо тогтоож, эцэг эхийн зөн совингоо хөгжүүлэхэд туслах тархины нэгэн төрлийн “дахин зохион байгуулалт” юм.
Судалгааны хамтран зохиогч, профессор Сусана Кармона: “Биологийн салбарт заримдаа бага байх нь илүү сайн үр дүнд хүргэдэг. Саарал бодисын хэмжээ багасах нь өсвөр насныхны тархи төлөвших үйл явцтай төстэй бөгөөд мэдрэлийн сүлжээ шинэ үүрэг гүйцэтгэхийн тулд дахин хуваарилагдаж, цэгцлэгдэж байгаа хэрэг” хэмээн онцолжээ.
Мөн судалгаагаар жирэмсэн үед эстроген дааврын түвшин нэмэгдэх нь саарал бодисын эзэлхүүн багасахтай шууд холбоотой болохыг илрүүлсэн байна. Энэхүү дасан зохицох үйл явц нь мэдрэлийн сүлжээг хумьж, эх хүн болоход шаардлагатай чадваруудыг илүү нарийн суулгаж өгдөг ажээ.
