Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Дэлхийн эдийн засгийн форум жил бүр гаргадаг жендэрийн ялгаатай байдлын индексийн дагуу Монгол Улс 2024 онд 145 орны дунд 85-р байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 орны дунд 65-р байрт орж, 20 байраар урагшилсан амжилт үзүүллээ. Энэхүү индексийн дэд үзүүлэлтүүдээс боловсрол, эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүд тогтвортой байж, ахиц дэвшилтэй хэвээр байна. Харин эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99-р байрт, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20-р байрт тус тус ахиж, “ахиц дэвшилтэй” үнэлгээ авсан байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу Засгийн газар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан”-г Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй. Энэхүү тайланг 2021 оноос хойш гурав дахь удаагаа Улсын Их Хуралд өргөн барихаар болжээ.