Европын Холбоо АНУ-ын ашиг сонирхлыг дагалгүйгээр Умард Атлантын эвсэл (НАТО) доторх аюулгүй байдлын тогтолцоогоо бие даан цогцлоох шаардлагатай байна. Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн Вашингтонд хийсэн айлчлалтай холбогдуулан ийнхүү мэдэгдлээ.
Италийн засгийн газрын тэргүүн Европын орнуудыг хандаж, АНУ-ын зүгээс ирж буй олон удаагийн доромжлол, зэмлэлийг зүгээр хараад сууж болохгүй хэмээн уриалав. Түүний хэлснээр, Европын Холбоо тариф болон Гренландын асуудлаарх Америкийн эрх баригчдын шахалтад зохих хариуг нь өгч, өөрийн байр сууриа хатуу хамгаалахад бэлэн гэдгээ хэдийнэ батлан харуулсан байна.
“Европ тив хариуцлагыг өөртөө авч, өөрийн аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд эвслийн доторх ‘Европын тулгуур’-ыг зоригтойгоор босгох ёстой” хэмээн Мелони онцлон тэмдэглэжээ.
Үүнээс өмнө Марк Рютте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО дахь холбоотнууддаа сэтгэл дундуур байгааг дурдаж байсан юм. Тэрээр Ирантай үүссэн зөрчилд Вашингтонд туслахаас татгалзсан НАТО-гийн зарим гишүүн орнуудыг холбоотны үнэнч байдлын шалгалтад “бүдэрсэн” гэж тэмдэглэсэн байна. Харин Дональд Трамп НАТО-гийнхонд шахалт үзүүлэхээс нааш тэд юуг ч ойлгодоггүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
