Лхагва, 3 сар 11, 2026
HomeСпортЖ.Әлимханұлын IBF-ийн дэлхийн аваргын цолноос нь хусжээ

Ж.Әлимханұлын IBF-ийн дэлхийн аваргын цолноос нь хусжээ

Казахстаны боксчин Жанибек Әлимханұлын допингийн шинжилгээнээс мельдони илэрсэнтэй холбоотойгоор Олон улсын боксын холбоо (IBF) түүний дунд жингийн дэлхийн аваргын бүсийг хураах шийдвэр гаргалаа. Тэрээр товлосон хугацаанд бүсээ хамгаалах боломжгүй болсон тул ийнхүү аваргын цолоо алдаж байна. Боксчны багийнхан уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдлээ.

Казахстаны Мэргэжлийн боксын холбооны ерөнхийлөгч Рахимжан Ерденбеков энэ талаар өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлэл өгсөн юм. Тэрээр “IBF-ээс хатуу шийдвэр ирлээ. Тус байгууллагын дүрмийн дагуу Жанибек Әлимханұлы 2026 оны 12 дугаар сарын 2 хүртэл эрхээ хасуулсан. Мөн жин бүрийн аварга есөн сарын дотор бүсээ хамгаалах ёстой байдаг бөгөөд Жанибекийн хувьд энэ хугацаа 2026 оны 7 дугаар сарын 4-нд дуусна. Иймээс IBF-ийн захирлуудын зөвлөл 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уг бүсийг эзэнгүй (вакант) болгох шийдвэр гаргалаа” гэжээ.

Ерденбеков энэ нөхцөл байдал боксчны багийнханд том сургамж болсныг тэмдэглээд, тамирчныг энэ ондоо багтаж рингэндээ эргэн ирж, ойрын хугацаанд дөрвөн холбооны бүсийг нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өдгөө 32 настай Әлимханұлы нь Дэлхийн боксын байгууллагын (WBO) дунд жингийн аваргын бүсийг эзэмшдэг бөгөөд мэргэжлийн замналдаа 17 ялалт (12 нь нокаутаар) байгуулж, нэг ч хожигдоогүй яваа юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд Кубын Эрисланди Ларатай хийх байсан тулаан нь допингийн шинжилгээнээс хориотой бодис илэрснээр цуцлагдсан билээ. WBO холбоо түүнийг 2025 оны 12 дугаар сарын 2-ноос эхлэн нэг жилийн хугацаатай тэмцээнд оролцох эрхийг нь хассан ч аваргын бүсийг нь хэвээр үлдээсэн юм. Гэхдээ эрхээ сэргээмэгц тэрээр түр хугацааны аваргатай бүсээ хамгаалах тулаан хийх үүрэг хүлээжээ. Холбогдох албаныхны мэдээлснээр, мельдони нь тамирчны биед санамсаргүй байдлаар буюу спортын бус эмнэлгийн эмчийн бичиж өгсөн эмийг ууснаар орсон гэж тайлбарлаж байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд