Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Саудын Арабд гэнэтийн айлчлал хийж, бүс нутгийн удирдагчидтай хэд хэдэн чухал уулзалт хийхээр болсон байна. Айлчлалынхаа үеэр тэрбээр Персийн булангийн орнуудад дроны довтолгоотой тэмцэх чиглэлээр Украины хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Түүний хэлснээр эрчим хүчний аюулгүй байдал, тэр дундаа Европ дахь амьжиргааны өртөг нь Персийн булангийн орнуудын газрын тос, байгалийн хий, дэлхийн зах зээлийн тогтвортой байдалтай шууд холбоотой аж. Иймээс бүс нутгийн аюулгүй байдал зөвхөн тухайн орнуудад бус дэлхийн эдийн засагт ч нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгааг онцолсон байна.
Үүний зэрэгцээ Зеленський Персийн булангийн улсууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад бодит дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Ойрх Дорнодын орнууд бидэнд бэхжих боломж олгохыг хүсэж байна. Эдгээр улсад бидэнд нэн шаардлагатай байгаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн пуужингууд бий. Энэ тал дээр тохиролцохыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Washington Post сонин эх сурвалжид тулгуурлан мэдээлэхдээ, Пентагон Украинд очих ёстой байсан тодорхой зэвсгийг Ойрх Дорнод руу шилжүүлэх боломжийг судалж байгаа аж. Үүнд Ираны эсрэг өрнөж буй дайн АНУ-ын гол зэвсгийн нөөцөд дарамт учруулж байгаа нь нөлөөлж буйг онцолжээ.
