Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Японы алслагдсан Токара бүлэг арлуудын орчимд 2000 гаруй газар хөдлөлт мэдрэгдсэн тухай тус улсын Цаг уурын алба мэдээллээ. Газар хөдлөлтийн идэвхжил зургадугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд Акүшэкижима, Кодакаражима арлын бүс хүчтэй чичирхийлэлд өртөж байна.
Хэдийгээр өмнөх жилүүдэд ч уг бүс нутагт газар хөдлөлт бүртгэгдэж байжээ (тухайлбал 2021, 2023 онд), энэ удаагийн чичирхийллийн давтамж, хүч нь илүү өндөр байгаа аж. 5.0 магнитуд-аас дээш хүчтэй хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдсэн ч одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн, барилга байгууламж сүйдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Токара арлууд нь Японы өмнөд хэсэгт орших, литосферийн хавтангийн заагт байрладаг тул газар хөдлөлт байнга тохиолддог газар нутагт тооцогддог. Одоогийн байдлаар арлууд дээр 650 орчим хүн ам амьдарч байгаа бөгөөд зарим иргэд сайн дураараа аюулгүй бүс рүү нүүн шилжжээ.
Цаг уурын алба газар хөдлөлтийн идэвхжил үргэлжлэх боломжтойг онцолж, орон нутгийн иргэдэд сонор сэрэмжтэй байж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.