Даваа, 6 сар 9, 2025
HomeОлон улсын мэдээЯпон улс 14 жилийн өмнөх газар хөдлөлтийн хохирогчдыг дурсан хүндэтгэл үзүүлэв

Япон улс 14 жилийн өмнөх газар хөдлөлтийн хохирогчдыг дурсан хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр Япон улс 14 жилийн өмнө болсон 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан 22,000 гаруй хүний дурсгалыг хүндэтгэн хүндэтгэл үзүүллээ. Орон даяар 14:46 цагт хоромхон зуур чимээгүй болж, талийгаачдад хүндэтгэл үзүүлэн залбирсан юм. Фүкүшима мужид болсон албан ёсны арга хэмжээнд Ерөнхий сайд Шигэру Ишиба оролцлоо.

Гамшгийн улмаас олон мянган хүн орон гэрээ орхиход хүрсэн. Үүнээс хойш Япон улс байгалийн гамшгийн эсрэг бэлтгэлээ сайжруулж, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгож, гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажлыг эрчимжүүлжээ.

Мияаги мужийн Минамисанрикү хотын албаны хүн Масаюки Нитанай “Хүмүүс гамшгийн талаар мэддэг ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр анхаарал нь сулрах хандлагатай байна. Бид ирээдүйд хот, иргэдээ хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ач холбогдлыг тасралтгүй ойлгуулах хэрэгтэй” гэж онцлов.

Харин Фүкүшима мужийн Иваки хотын иргэн Рэйко Эндо 14 жилийн өмнө амиа алдсан найзаа дурсан “Өнөөдөр би далайн эрэг дээр зогсоод далайг ширтэж байна. Би гамшгийн талаар төдийлөн яриад байдаггүй ч энэ өдөр нас барагсдыг эргэн дурсаж, амьд байгаадаа талархдаг” гэжээ.

Сэргээн босголтын агентлагийн мэдээлснээр, Фүкүшима мужийн долоон хотын зарим бүсэд цацраг идэвхт бодисын улмаас хорио цээрийн дэглэм хэвээр байна. Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн цацраг идэвхт бохир усыг далайд асгах асуудал маргаан дагуулсаар байгаа бөгөөд станцыг бүрэн ашиглалтаас гаргах үйл явц хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд