Сошиал сүлжээнд 230 мянган дагагчтай Япон улсын аялагч Кусаду Монгол Улсаар ганцаарчилсан морин аялал хийж, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Кусаду өнгөрсөн 2025 оны наймдугаар сарын 30-нд Монголд ирж, аяллаа Сүхбаатарын талбайгаас эхлүүлжээ. Тэрбээр аяллынхаа эхний өдөр Чингис хааны хөшөө болон Нарантуул зах-ыг сошиал хуудсаараа дамжуулан үзэгчдэд танилцуулж, монгол дээл худалдан авчээ. Үүний дараа тэрбээр орон нутгаар хөтөлгөө морьтой ганцаараа 10 гаруй хоногийн турш аялсан байна.
Аяллын онцгой мөчүүд
Аялагчийн нийтэлсэн бичлэгүүд дундаас хамгийн их хандалт авсан нь нутгийн адуучин залуус түүнд тусалж буй дүр зураг байв. Тэд Кусадугийн морийг уяж, замыг нь чиглүүлж өгч байгаа нь бичлэгт багтсан бөгөөд уг бичлэгийг үзсэн япон хэрэглэгчид “монгол малчин ард түмний тусч, сайхан сэтгэлийг биширч байна” хэмээн сошиалд бичжээ.
Түүнчлэн Кусаду морин аяллынхаа үеэр төөрч, ууланд гурав хоносон тухай бичлэгээ саяхан нийтэлсэн нь Япон болон Монголын хэрэглэгчдийн дунд өндөр хандалт авч, олон нийтийн сэтгэгдэл төрүүлээд байна. Кусадугийн аяллын бичлэгийг дараах холбоосоор үзэх боломжтой: instagram.com/reel/DPNctWDkfO0