2029 оны гуравдугаар сар хүртэлх төлөвлөгөө зарлагдав
Японы Засгийн газар 2029 оны гуравдугаар сарыг дуустал гадаадын улс орнуудаас нийт 1.23 сая ажилтан авах бодлогын тооцоогоо танилцуулжээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй салбаруудад хүний нөөц төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Ур чадвартай мэргэжилтнүүдийг 19 салбарт түлхүү ажиллуулна
Нийт авах ажилтны 805,700 нь 19 салбарт ажиллах ур чадвартай мэргэжилтнүүд байх бөгөөд салбараар нь авч үзвэл:
- 199,500 нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт
- 133,500 нь хүнсний үйлдвэрт
- 126,900 нь асаргаа сувилгааны салбарт
ажиллахаар тооцжээ.
Сургалтын хөтөлбөрөөр орж ирэх 426,200 ажилтан гурван жилийн сургалтад хамрагдана
Үлдсэн 426,200 гадаад ажилтан нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс зарлагдах сургалтын хөтөлбөрт хамрагдан Японд ажиллах бөгөөд уг хөтөлбөрөөр орж ирсэн хүмүүс гурван жил үргэлжлэх мэргэжлийн сургалтад суух аж. Тэднээс:
- 123,500 нь барилгын салбарт
- 119,700 нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт
- 61,400 нь хүнсний үйлдвэрт
ажиллах тооцоотой байна.
Гадаад иргэдийн тоо 3.95 саяд хүрчээ
Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх тооцоолол нь нарийн судалгаа шинжилгээний үр дүнд гарсан байна. Сүүлийн 10 жилд Японд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн тоо тогтмол өссөн бөгөөд Японы Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн тоо 3.95 саяд хүрээд байгаа аж.
