Увс аймагт бага насны хүүхэд унадаг дугуй унаж явахдаа ачааны автомашинд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай осол энэ сарын 27-ны өдөр гарсан байна. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн” тухай дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүлэг ослын газарт очиж шалгахад, иргэн Б нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай ачааны машиныг жолоодож яваад унадаг дугуйтай бага насны хүүхдийг мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтэр, цахилгаан тээврийн хэрэгслээр оролцох нь эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллага онцолж, эцэг эх, асран хамгаалагч нарыг дараах зүйлст онцгой анхаарахыг уриаллаа:
Эцэг, эх, асран хамгаалагчдад:
- Хүүхдээ хяналтгүйгээр гудамж, зам руу дугуй, скүүтэртэй гаргахгүй байх
- Хөдөлгөөнд оролцох дүрэм, аюулгүй байдлын тухай ойлголтыг өдөр тутам зааж сургах
- Тээврийн хэрэгслийн хурдтай хэсэгт хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байх
Жолооч нарт:
- Хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах
- Хурд хэтрүүлэхгүй байх, замын уулзвар, гудамжны орчимд болгоомжтой зорчих
- Хүүхэд тоглож явах орчныг анзаарах, гэнэтийн хөдөлгөөнд бэлэн байх
Тус хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.