Ураны фьючерс үнэ 2025 оны турш өсөлттэй байж, 2026 оны нэгдүгээр сарын сүүлээр нэг фунт нь 100 ам.долларын босгыг давлаа. Хэдийгээр 2007 оны түүхэн дээд үзүүлэлт болох 148 ам.долларт хүрээгүй ч нэг жилийн өмнөхтэй харьцуулахад үнэ 22.4 хувиар өндөр хэвээр байна. Үнийн энэхүү өсөлтөд атомын эрчим хүчний сэргэлт болон геополитикийн нөхцөл байдал голлон нөлөөлж байгаа юм.
Үнийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлс:
- Цөмийн эрчим хүчний сэргэлт: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2050 он гэхэд атомын станцуудын хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан нь зах зээлд өөдрөг хүлээлт үүсгэсэн.
- Оросын хамаарлыг бууруулах: АНУ Оросын цөмийн түлшийг орлуулах, дотоодын уран баяжуулалтыг дэмжихэд зориулж 2.7 тэрбум ам.доллар тусгасан нь эрэлтийг нэмэгдүүлж байна.
- Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү: 2025 онд дэлхийн ураны эрэлт 68 мянган тонн байсан бол олборлолт нь 62,200 тонн байж, хомстол үүссэн.
- Урт хугацааны төлөв: 2025 онд 398 ГВт байсан цөмийн реакторуудын нийт хүчин чадал 2040 он гэхэд 746 ГВт-д хүрч, эрэлт хоёр дахин нэмэгдэж 150 мянган тонн болох төлөвтэй байна.
Зах зээлийн нөхцөл байдал: 2026 оны хоёрдугаар сарын 9-ний байдлаар ураны үнэ 85.3 ам.доллар болж бага зэрэг буурсан нь дэлхийн томоохон үйлдвэрлэгч Узбекистан олборлолтоо 4200 тонноос 7000 тонн болгож өсгөсөнтэй холбоотой богино хугацааны хариу үйлдэл гэж шинжээчид үзэж байна. Одоогоор Казахстан, Канад, Намиби улсууд дэлхийн ураны олборлолтын дөрөвний гурван хувийг хангаж байгаа бөгөөд энэ онд ч зах зээлд хомстол үргэлжилж, үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
