Монголын хөгжмийн урлагийн мөнгөн өв болох Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны зохиосон “Уран Хас” бүжгэн жүжиг пянзан дээр бичигдэн хадгалагдах болсныг албан ёсоор зарлаж, пянзны нээлтийг 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны ням гарагт 11:40 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хийхээр боллоо.
Энэхүү бүтээл нь 1973 онд анх тайзнаа тавигдсанаас хойш 52 жилийн хугацаанд монгол түмний зүрх сэтгэлд хоногшсон үндэсний сонгодог урлагийн оргил бүтээлүүдийн нэг болж чадсан билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс, буга согооны бүжиг зэрэг хэсгүүд нь өнөөдөр ч уран бүтээлчдийн тайзны гол хөг аялгуу болон эгшиглэсээр байна.
Сүүлийн удаа өнгөрсөн сард Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон тус жүжгийн үеэр “Чулуун” сангийн тэргүүн, Ардын жүжигчин, удирдаач Ч.Чинбат театрын хамт олонд шинэ пянзны дээжийг гардуулж өгч байжээ. Тэгвэл уг пянзны албан ёсны нээлт удахгүй болох гэж байгаа нь уламжлалт урлагийн үнэт өвийг шинэ өнгөөр хадгалж үлдээх нэгэн чухал үйл явдал хэмээн үзэж байна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэг энэхүү пянзны тухайд:
“Бид өнгөрсөн зуунаас өвлөж ирсэн үнэт зүйлийг ирээдүйд шинэчлэл болгон авчирч байгаагийн тод жишээ энэ. Театрын эрхэм зорилго бол дэлхийн стандарт бүхий үндэсний хөгжимт театр болох. Уламжлал ба шинэчлэлийн огтлолцол дээр төрж буй энэхүү пянз нь түүхэн ач холбогдолтой алхам болж байна” хэмээн онцоллоо.
“Уран Хас” балетын анхны цомнолыг академич Б.Ширэндэв бичиж, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэн найруулсан бол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав анхны тоглолтыг удирдаж, ардын зураач Ч.Гунгаасүх тайзны зургийг бүтээжээ. Энэ бүхэн монголын мэргэжлийн урлагийн оргил үеийн түүхийг илтгэн харуулдаг.