Монголын үндэсний харваачдын холбооны санаачилгаар зохион байгуулагдсан 2025 оны насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй багийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд:
- Эрэгтэй ангилалд – 47 баг
- Эмэгтэй ангилалд – 36 баг тус тус оролцсон байна.
Тэмцээний урьдчилсан болон хагас шигшээ шатны харваа нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах “Бүс нуур” зурхайд болж, эцсийн шат буюу медалийн төлөөх тоглолт нийслэлийн төв зурхайд явагдаж, аваргуудаа тодрууллаа.
Шагналт байранд шалгарсан багууд:
- Эрэгтэй ангилалд — Говь-Алтай аймгийн баг алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, гурван шагналын тавцанд нэгэн зэрэг гарч амжилттай оролцлоо.
- Эмэгтэй ангилалд — Хэнтийн баг түрүүлж, улсын аваргын хошой медаль хүртлээ.
Говь-Алтай аймгийн харваачдын холбооны тэргүүн Г.Жалцавжий тэмцээний үр дүнгийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ:
“Алтайн харваачид энэ жил одтой сайхан наадлаа. Энэ нь манай аймгийн харваачдын бэлтгэл ямар өнгөтэй, формтой байгааг харуулж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын 104 жилийн ойгоор Алтай нутгаас минь шинэ цолтон төрөх болтугай” гэжээ.