Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын бөх Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн нь батлагдсантай холбогдуулан түүний барилдах эрхийг гурван жилээр хасах, цолыг нь хураах санал гаргасан байна.
Допингийн шинжилгээний дүн баталгаажжээ
Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага (МОНАДА) өмнө нь Н.Өсөхбаярын шинжилгээнээс хориотой бодис илэрснийг албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа итгэмжлэгдсэн лабораторийн эцсийн дүнгүүд баталгаажиж, үр дүнгийн удирдлагын баг тухайн асуудлаар Үндэсний бөхийн салбар хороонд санал хүргүүлсэн байна.
Үндэсний бөхийн салбар хорооны байр суурь
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар энэ талаар хэлэхдээ:
“Итгэмжлэгдсэн лабораторийн дүн эцэслэгдэж, үр дүнгийн удирдлагын багийн санал ирсэн. Бид уг саналыг дэмжиж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Ойрын хугацаанд зохион байгуулах хороо эцсийн шийдвэрээ гаргах байх. Салбар хороонд ирсэн саналаар Н.Өсөхбаярын барилдах эрхийг гурван жилээр хасч, цол хураахаар тусгасан,”
гэж мэдэгдлээ.
Н.Өсөхбаярын наадмын амжилт
Н.Өсөхбаяр энэ жилийн наадмын үеэр дараах бөхчүүдийг давж, анх удаа улсын гарди цол хүртсэн юм:
- Тавын даваанд — улсын гарди Б.Гончигдамба
- Зургаагийн даваанд — улсын заан М.Лхагвагэрэл
- Долоогийн даваанд — улсын заан Б.Пүрэвсайхан
- Наймын даваанд — дархан аварга Н.Батсуурь
Эдгээр ялалтын дараа тэр финалд шалгарч үзүүрлэн, шинэ гарди цол хүртсэн билээ.
Цаашдын шийдвэр хүлээгдэж байна
Одоо уг асуудал Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд шилжсэн бөгөөд тэд цол хураах болон эрх хасах асуудлыг албан ёсоор баталгаажуулах эсэхийг удахгүй шийдвэрлэх юм.

Харамсалтай байна, гэхдээ дүрмийг дагах нь чухал шүү
Гурван жил гэдэг урт хугацаа, сургамж болох байх