Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын “Аврагч” спорт хороо болон “Таван хан” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд нижгэр боллоо. Тус барилдааны үзүүр түрүүний шийдвэрлэх барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан Б.Бат-Өлзий нар тунан үлдэж, хүч үзсэн юм. Арслан Б.Орхонбаяр зүүн тэгш барьцнаас хавирах мэхээр өрсөлдөгчөө өвдөг шороодуулж, энэхүү хүндэтгэлийн барилдааны түрүү бөхийн бай шагналыг гардлаа.
Зохион байгуулагчдын зүгээс барилдааны бай шагналыг өндөр дүнгээр тогтоосон бөгөөд шөвгийн дөрөвт шалгарсан хүчтэнүүдийг мөнгөн шагналаар урамшуулсан юм. Тус барилдааны эцсийн дүн болон шагналын хуваарилалтыг танилцуулбал:
- Түрүү бөх: Улсын арслан Б.Орхонбаяр – 10 сая төгрөг;
- Үзүүр бөх: Улсын заан Б.Бат-Өлзий – 6 сая төгрөг;
- Их шөвөгт шалгарсан: Дархан аварга Н.Батсуурь болон Улсын заан Н.Жаргалбаяр нар тус бүр 3 сая төгрөгийн шагнал хүртлээ.
Барилдааны эзэн Г.Эрхэмбаяр аварга нь Монгол бөхийн түүхэнд өөрийн гэсэн тод мөртэй хүчтэнүүдийн нэг билээ. Тэрбээр 2003 оны баяр наадамд тав даван Улсын начин цол хүртэж байсан бол 2006 онд уг цолоо баталсан түүхтэй. Улмаар Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд тухайн үеийн Улсын харцага С.Мөнхбатаар арав давж түрүүлэн Улсын арслан цол хүртэж байв. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2013 оны баяр наадамд тухайн үеийн улсын начин Б.Гончигдамбаар ес давж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн юм.
