Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр 2025 оны долдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 12,212-д хүрчээ. Үүнээс 11,538 хүн эдгэрсэн бол 300 нь эмнэлэгт, 367 нь гэрээр эмчлүүлж байна. Харин өвчний улмаас долоон хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн байдал
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт байгаа 300 хүний:
- 44 нь хөнгөн
- 234 нь дунд
- 22 нь хүнд байдлаар эмчлүүлж байгаа бол
- Нэн хүнд өвчтөн бүртгэгдээгүй байна.
Хамгийн их халдвар 10-14 насныханд
Халдварын тохиолдлыг насны бүлгээр ангилж үзвэл:
- 10-14 насныхны дунд хамгийн олон буюу 4776 тохиолдол бүртгэгдсэн байна.
- Үүний дараа хамгийн эрсдэлтэй бүлэгт 0-4 насныхан орж байгаа бөгөөд 2592 хүүхэд улаанбурханаар халдварлажээ.
Эрүүл мэндийн байгууллагууд халдварыг хумих, хүндрэлээс сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, хяналт тандалтыг идэвхтэй хийж буйгаа мэдээлсэн байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдийн вакцинжуулалтад онцгой анхаарч, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.