Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 564-д хүрчээ. Түүнчлэн уг өвчний хавьтагчдын тоо 11,539-д хүрсэн байна.
Одоогоор 90 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, долоон хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бол 467 хүн эдгэрчээ. Мөн 38 тохиолдол сэжигтэй хэлбэрээр бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчний шинж тэмдгүүд:
- Халуурах
- Хамрын салст үрэвсэж, нус гоожих
- Нүд улайж, салст бүрхүүл үрэвсэх
- Ханиалгах
- Амны хөндийд улаан хүрээтэй цагаан толбо гарах
- Толгойн хэсгээс эхлэн бүх биед толбон гүвдрүүт тууралт гарах
Энэхүү өвчин нь агаар дуслын замаар халдварладаг өндөр халдварлалтай ч вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой юм. Өвчлөлд өртөгсдийн дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байгааг албаныхан анхааруулж байна.
Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг тодорхой насны вакциндаа хамрагдсан эсэхээ нягталж, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандахыг зөвлөж байна.