Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 564-д хүрээд байна. Түүнчлэн өвчтэй хүмүүстэй ойрын хавьталд орсон иргэдийн тоо 11,539 болж өсжээ.
Одоогоор 90 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол долоон хүн гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж байна. Мөн нийт 467 иргэн бүрэн эдгэрсэн бөгөөд 38 тохиолдол сэжигтэй хэмээн бүртгэгдэж, хяналтанд байна.
Улаанбурхан өвчний үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд:
- Халуурах
- Нүд улайж, салст нь үрэвсэх
- Хамар битүүрч, нус гоожих
- Ханиалгах
- Амны салстад улаан хүрээтэй, цагаан толбо үүсэх
- Нүүрнээс эхлэн биеэр гүвдрүүт тууралт гарах
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинжуулалтаар бүрэн сэргийлж болдог. Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад энэ өвчин голчлон 10–14 насны хүүхдүүдийн дунд илэрч байгаа тул эцэг эхчүүд болон сургууль, цэцэрлэгийн зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахих шаардлагатай байна.