Монголын үзэсгэлэнт өвөл, нүүдэлчин ахуйн соёл болон орчин үеийн экстрим спортыг нэг дор нэгтгэсэн “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” арга хэмжээ болох гэж байна. Тус наадам нь ирэх амралтын өдрүүдэд буюу 2026 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Скай Резорт” цанын баазад зохион байгуулагдах юм.
Энэхүү наадмын гол зорилго нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, Улаанбаатар хотын өвлийн өнгө төрхийг дэлхий дахинд сурталчлахад оршино. Түүнчлэн залуу үедээ өв уламжлалаа таниулах, иргэдийг цэвэр агаарт идэвхтэй амрах нөхцөлөөр хангадгаараа онцлогтой.
“Өвөл бол зөвхөн гэртээ дулаацах цаг биш, харин Скай Резорт-д салхи татуулан хурдалж, мөсөн сурын харваанд цэц мэргээ сорих хамгийн тохиромжтой мөч юм.”
Наадмын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн, үзүүлбэрүүдийг багцлан хүргэж байна. Үүнд:
- Уламжлалт ба орчин үеийн спорт: Мөсөн сурын олон улсын аварга шалгаруулах тэмцээн, мөсний шагай, снөүбоард, уулын цана болон кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдана.
- Экстрим төрлүүд: Уулын шүхэр буюу параглайдингийн тэмцээн, мөсөн хананд авиралтын сонирхогчийн уралдаан болон цасны регбигийн ширүүн тулаанууд үзэгчдийг хүлээж байна.
- Гэр бүл, оюутнуудад зориулсан уралдаан: Гэр бүлийн буухиа, олс таталт болон аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах “Гранд тур” (Winter Cup) тэмцээн.
- Соёлын сонирхолтой үзүүлбэрүүд: Шүхрийн болон шувуулахуйн үзүүлбэрүүдээс гадна нүүдэлчин монголчуудын үнэнч нөхөр Монгол Банхар нохойн үзүүлбэрүүд наадмын гол чимэг болно.
- Үйлчилгээ ба цэнгүүн: Наадмын турш урлагийн тоглолт үргэлжилж, цана чарганы түрээс болон амтат хоол ундны үйлчилгээ тасралтгүй ажиллана.
Олон улсын цар хүрээ ба оролцогчид
Энэ удаагийн наадамд нийслэл хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин хурд хүчээ сорих юм. Мөн Монгол туургатны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува болон Казакстан, АНУ зэрэг орнуудаас 50 гаруй гадаад тамирчин хүрэлцэн ирж, мөсөн дээрх цэц мэргээ сорихоор бүртгүүлжээ.

Хүмүүс очиход амархан байвал сайхан л байна