НИТХ-ын ээлжит бус V хуралдааны үеэр Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр нийслэлийн өмнө тулгамдсан гол асуудлуудын нэг болох нийтийн тээврийн шинэчлэл, ялангуяа метроны төсөл анхаарлын төвд байв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх хурлын ирц хангалтгүй байгааг шүүмжилж, “Дарга болох болохоороо бүгд овоороод ирдэг хэрнээ, нийслэлчүүдийн хүсэж буй метронд хүрэх тухай ярих гэхээр суух хүн ховор байна. Ард иргэд олон жил энэ сэдвийг үлгэр мэт сонссоор залхаж байна. Яг хэдэн онд Улаанбаатарчууд метрогоор зорчих вэ?” хэмээн асуув.
Тус асуултад Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай дараах хариултыг өглөө:
“Одоогийн техникийн эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) дагуу 2030 оны аравдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.”
Энэхүү мэдэгдлээр метро төслийн хугацаа албан ёсоор тодорхой боллоо. Гэвч төсөл хэрэгжих хугацаанд ямар бэрхшээл, саад тулгарах, санхүүжилтийн эх үүсвэр хэрхэн шийдэгдэх зэрэг олон чухал асуудал урьдчилсан байдлаар бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.