Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй 24 томоохон төслийн хүрээнд олон зорчигч тээвэрлэх хүчин чадалтай шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл – BRT буюу хурдны автобусны системийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр урьдчилсан ажил эхлээд байна.
Төслийн дагуу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их Хүрээ гудамж хүртэл 12.7 км урттай чиглэл байгуулагдах бөгөөд нийт 17 буудалтай, өдөрт 25,000–35,000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. Автобусны дундаж хурд 20–25 км/цаг, маршрутын нийт зорчих хугацаа 15–20 минут байх тооцоотой. Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нийт авто замын дунджаар хөдөлгөөний хурд 12.6 хувиар нэмэгдэх хүлээлттэй байна.
Одоогоор төслийн урьдчилсан зураг төсөл болон техник, эдийн засгийн судалгаа дуусах шатандаа явж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт татах боломжийг судалж байна.
Нийслэлийн захиргааны мэдээллээр, 2025 он гэхэд зураг төсөл, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэж, үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч байгууллага сонгон шалгаруулах ажил хийгдэх юм.
Хэрвээ төлөвлөгөөний дагуу явбал барилгын ажил 2026 оны гуравдугаар сард эхэлж, 2030 он хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.