Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт ашиглагдаж байгаа бөгөөд эдгээрийн 150 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 488 нь өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан талаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас мэдээллээ.
НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллаж, лифтний ашиглалт, засвар үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцжээ.
Лифтний насжилт ба засвар үйлчилгээний асуудал
Лифтний дундаж ашиглалтын хугацаа 20 жил байдаг. Гэвч эвдрэл гэмтэл гарахад тухайн байрны СӨХ засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх үүрэгтэй ч оршин суугчдын төлбөрийн төлөлт хангалтгүй байдлаас шалтгаалан олон байранд засвар хойшлогддог байна. Үүний улмаас зарим лифт насжилтаасаа өмнө ажиллагаагүй болох, бүрэн зогсох тохиолдол гарч байгаа аж.
Албаны хүмүүсийн хэлснээр, лифтний доголдол нь иргэдийн амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учир СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь төлөх нь чухал гэдгийг онцолжээ.
Хяналт шалгалт ба шинэчлэлийн ажлууд
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр хэлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор энэ жил орон сууц, албан байгууллагуудад хоёр удаа үзлэг хийлээ. Үүний үр дүнд ашиглалтын шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоосон. Энэ дагуу дүүргүүдийн Засаг дарга, холбогдох СӨХ-д мэдэгдэл хүргүүлж, лифтний шинэчлэл, засварын ажлыг эхлүүлсэн.”
Тэрбээр мөн “Нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд 8 лифт, 2024 онд 35 лифт шинэчилсэн бол энэ онд 42 лифтний шинэчлэл хийгдэж байна” гэж нэмж мэдээллээ.