НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар нийслэлд метро байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) дэмжих асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр төлөөлөгч Ү.Оюунзул метроны шугам дагуу бий болох ажлын байрны тоо болон эдийн засгийн нөлөөллийн талаар тодруулга авсан юм.
Төслийн захирал Т.Мөнхдалай дараах тайлбарыг өглөө:
“Төслийн зардал бодит зах зээлийн судалгаанд үндэслэн гарсан. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур байгуулагдах ба энэ нь 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх орон зай бий болгоно. Мөн метроны дагуух бүсэд эдийн засгийн өсөлт бий болж, нийслэлд төвлөрөх орлого нэмэгдэхийн зэрэгцээ олон шинэ ажлын байр бий болно.”
Эдийн засгийн тооцоолол:
- Төсөвт өртөг: 11 жилийн хугацаанд нөхөх боломжтой
- Өөрийн өртөг: Түрээс, сурталчилгаа, тасалбарын орлогоос 29-30 жилийн дотор бүрэн нөхөгдөнө
- Хөрс: Хоёр орны хамтарсан судалгаагаар онцгой эрсдэлгүй хэмээн дүгнэжээ
Хүний нөөц ба мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө:
- Шинэ ажлын байр:
- Барилгын явцад 700 орчим
- Ашиглалтад орсны дараа худалдаа, үйлчилгээтэй холбоотой 150,000 орчим
- Дотоодын оролцоо: Аж ахуйн нэгжүүдийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр оролцуулах зорилготой
- Мэргэжилтэн бэлтгэх:
- ШУТИС-д 2025 оноос метроны чиглэлээр 4 анги нээнэ
- 8 багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр илгээжээ
Метроны бүтээн байгуулалт, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ажлын байрны өсөлт зэрэг нь нийслэл Улаанбаатарын хөгжлийн дараагийн томоохон хөдөлгөгч хүч болно гэж үзэж байна.